Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өвөрхангай аймагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 5-10 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус дулаан, бусад нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр.  Өдөртөө 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 14-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөн-булаг 9-р багийн төв Петровис шатахуун түгээх станцын баруун талд 1,5 км зайд Баянхонгор сумын хот тохижилтын эзэмшлийн Камаз загварын автомашин дээр тээвэрлэж байсан хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км замыг туулан 16:48 цагт очиж 24 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордонд 1 давхарт цахилгааны шитний өрөөний үүдний хэсэгт эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 02:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 02:34 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанХовд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Питантийн гануу гэдэг “газар /сумын төвөөс баруун  хойд зүгт 90 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 10 алба хаагч, 1 автомашинтай 90 км зам туулан 23:30 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлтӨмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн “Хайлаастын энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т, У-44053’00’’, Ө-400417’00’’/ 10.13-ны өдрийн 04:07 цагт 4.3 магнитут хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороонд иргэн М /40 настай, эмэгтэй/, А /1 сартай, эмэгтэй/ нар цахилгаан шатанд гацсан дуудлагыг 10.12-ны өдрийн 14:31 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 14:40 цагт очиж 15 минут ажиллаж гаргасан.

Баянгол дүүргийн 3 дугаар хороонд иргэн Ц /8 настай, эмэгтэй/ цахилгаан шатанд гацсан дуудлагыг 10.12-ны өдрийн 14:59 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 15:03 цагт очиж 5 минут ажиллаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top