Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Баян-Өлгий, Дорнод аймгийн нутгийн зарим хэсгээр түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо, 4-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 03-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 05-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд уушийн газар гал гарч байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн 19:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 19:48 цагт очиж, 8х9 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөнд эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top